SriChinmoy.org
bn More about Sri Chinmoy
x

Бясалгал үйлдэж эхлэх нь

Гэртээ бясалгал үйлдэхийн тулд та бясалгалд зориулсан туйлын цэвэр, ариун буланг өрөөн дотроо бэлтгээрэй.

Өдөр тутмын хувийн бясалгал үйлдэхдээ аль болох ганцаар байхыг хичээгээрэй. Бясалгалын өмнө усанд орвол маш тустай. Мөн гэрэл гэгээтэй, цэвэр хувцас өмсөхийг зөвлүүштэй.

Сэтгэл зүрхний замаар явахын тулд өдөрт ядаж нэг удаа бясалгах хэрэгтэй. Өглөө эрт агаар мандал амгалан тайван, аниргүй үед бясалгах нь хамгийн сайн.

Бясалгал үйлдэхэд нуруу цэх шулуун, бие сул чөлөөтэй байх шаардлагатай. Таны дотоод оршнол аяндаа тохьтой зөв байрлал олох бөгөөд түүнийг хадгалж занших хэрэгтэй.

Зарим эрэлчид хэвтэж бясалгахыг сонирхдог ч, энэ бол зохимжгүй юм. Хэвтээд бясалгах гэж оролдсон хүн нойр нозоорлын ертөнцөөр зорчиход хүрнэ. Түүнчлэн зөв бясалгахын тулд заавал лянхуа суудлаар суух шаардлагагүй юм. Сандал дээр суугаад сайн бясалгадаг хүн олон бий.

Хэрэв та өмнөө цэцэг тавин, зул барьж, хүж уугиулбал бас л сайн. Амьд цэцэг танд, зүрхний гүн дэх цэцгийг санагдуулна.

Хүжийн үнэр анхилга танд ариусал, урам зориг өгч, дотоод баялагийг тань арвижуулна. Бадрах зулыг харахад улам өөдөө асч буй тэмүүллийнхээ дөлийг дотоод гүндээ мэдэрнэ.

Зөв амьсгал нь бясалгалд тун чухал. Та амьсгал авахдаа аль болох аажуухан, хамрын дор хялгас тавьсан ч хөдлөхгүй байхаар тийм удаан аваарай. Тэгээд амьсгал гаргахдаа амьсгал авснаасаа ч удаан гаргахыг хичээгээрэй. Хэрэв болмоор бол амьсгалаа авч гаргахын хооронд амьсгалаа түр зуур бариарай. Чадвал хэдэн хором бариарай. Боломжгүй бол бүү тэгээрэй. Биедээ эвгүй нөлөөлөх юм хэзээ ч бүү хий.

Амьсгал авах бүрдээ асар их амгаланг биедээ буулгаж байна гэж төсөөлөөрэй. Амьсгал гаргахдаа дотроо болон эргэн тойрондоо байгаа тогтворгүй байдал, зовлон түгшүүрийг хөөж зайлуулснаа ухаараарай. Ингэж хэдэн удаа амьсгалаад дараа нь сансраас амьсгалаа авч, амьсгал гаргахдаа хамаг айдсыг гадагшилж байна гэж төсөөлөөрэй. Ингэж хэдэн удаа амьсгалаад дараа нь хязгааргүй баясгалангаар амьсгалж, зовлон гунигаа гаргаж байна гэж мэдрээрэй.

Туршаад үзэх нэг дасгал бий. Амьсгал авахдаа агаараар бус сансрын эрчмээр амьсгалж байна гэж төсөөлөгтүн. Тэр таны дотор мөрөн гол адил урсаж бүх биеийг угааж ариусгана. Сансрын эрчмээр дүүрээгүй өчүүхэн ч нүх сүв бие дотроо байхгүйг мэдрээрэй. Тэгээд амьсгал гаргахдаа дотроо байгаа мунхаг бодол, муу санаа, бузар үйлдэл бүхнийг гаргаарай. Дотроо буй мунхаг бүхнийг, өөрийн гэж хэлэмгүй байгаа бүхнийг гадагш гаргаж байна гэж төсөөлөөрэй.

- Шри Чинмой "Баяслын Жигүүр" номноос